Шөнийн талд



Шөнийн замд салхи илбэх нь
        Ижийдээ золгоод үнсүүлэх шиг уяхан
              Эрхэлж унагасан нулимсаа арчуулах шиг элбэрэлтэй
Шөнийн саран орчлонг гийгүүлэх нь
        Үзэсгэлэн төгөлдөрөө гайхуулах бүсгүй шиг бахдам
               Үлгэрийн дагинас өмнө минь ирээд инээмсэглэх шиг ялдам
Шөнийн тэнгэрт одод жирэлзэх нь
        Тэнгэр надтай бодлоо хуваах шиг дотно
                 Тэмтэрч өссөн ижий сэтгэл шиг ойр    
Шөнийн талд нялх ногоо үнэртэх нь
        Тал намайг энгэртээ тэврэх шиг элгэмсүү
                 Тамшаалж өссөн эхийн сүү шиг амттай
Шөнө хорвоо ийм ихэмсэг атлаа
                            ийм даруухан юм
Шөнө хорвоо ийм эгэлхэн хирнээ
                            ийм сүрлэг юмаа.

Батхүү