Навчис сэм сэмхэн хаялах чимээгүй намар
Намайг аргадаж чимээгүй шиврэх зөөлөн бороо
Нарнаас урьтан баруунтаа дүнсийх чимээгүй саран
Надаас холдон өнгөрсөнд үлдэх чимээгүй өдрүүд
Хорвоод би чимээгүй иржХожим нь буцахдаа ч чимээгүй буцна
Эхээс мэндлэн газарт гишгэх нүцгэн бие
Эцгийн хайр эр сур амсах нүцгэн ухаарал
Эр хүн болж насанд хүрэх нүцгэн цэнгэл
Эсгий гэрээсээн хаданд одох нүцгэн үдэлт
Хорвоод би нүцгэн ирж
Хожим нь буцахдаа ч нүцгэн буцна
Уургаан амлах бяцхан улаан нэргүй нярай
Унасан нутгаас амьдралд хөл тавих танилгүй залуу
Голомт бадраан, мөрөө үлдээсэн нэртэй иргэн
Голын айлуудад хүндлэгдсэн эрхэм хүндэт баавай
Хорвоод би нэргүй ирсэн ч
Хожим нь буцахдаа хүндтэй буцнаа
Батхүү